• mongolian
  • japanese

Дотоод дүрэм журам

ЭЦЭГ ЭХТЭЙ ХАРИЛЦАХ ДЭВТЭР: 
Хүүхдийн хоол идсэн байдал, сургалт, хөгжлийн үйл ажиллагаанд оролцсон байдал, ангийн найз нартайгаа өдрийг хэрхэн өнгөрүүлсэн тухай болон бусад тэмдэглэх шаардлагатай зүйлүүдийн талаар бичиж тэмдэглэнэ. 
Багш эцэг эхийн, харилцах дэвтэр болон эцэг эхэд хүргэх зар, мэдээг хүүхдэд өгөх бөгөөд хүүхэд ээж, аавдаа дамжуулна. Гэртээ аав, ээжийнхээ тэмдэглэсэн дэвтрийг мөн багшдаа авч ирж өгнө. Өдөр бүр дээрх үйлдлүүдийг давтаж хийх нь танд өдөр болгон хүүхдээсээ цэцэрлэгтээ ямар байсан талаар асууж ярилцаж, хүүхдээ сонсох боломж олгоно. Багш, ээж аавын хэлсэн зүйлийг марталгүйгээр хийж, дамжуулж байх нь хүүхдийг хариуцлагатай байдалд сургах болно. Мөн цэцэрлэгтээ дуртай байгаа эсэхийг мэдэж болно. Та хүүхдийнхээ хэлэх үг, үйлдэлд анхаарал хандуулж, өмнөхөөсөө илүү сонсдог болоход хүүхэд тань ч мөн улам илүү тантай ярилцахыг хүсэх болно. Цэцэрлэг дээрээ найзуудтайгаа тоглох, хоолоо сайн идэх, хөгжлийн үйл ажиллагаандаа идэвхитэй оролцох зэрэг цэцэрлэгтээ баяр хөөртэй, аз жаргалтай байхад чухал ач холбогдолтой юм.  
 
ТӨРСӨН ӨДӨР:
Сар бүрийн 2 дах долоо хоногийн 4 дэх өдөр тухай сард төрсөн хүүхдүүдийн төрсөн өдрийн баярыг ангидаа тэмдэглэнэ. Эцэг, эх, ах дүү, асран хамгаалагч та бүхнийг төрсөн өдрийн баярыг нь тэмдэглүүлэх зорилгоор ангид оруулах боломжгүй юм. Мөн хүүхдүүдийн дунд чихрийн болон бусад төрлийн харшилтай хүүхдүүд байдаг тул гаднаас ямар ч төрлийн амттан торт болон бусад идэх, уух зүйлсийг оруулахгүй болохыг анхаарна уу.
 
АРИУН ЦЭВЭР, ЭРҮҮЛ АХУЙ, ХУВЦЛАЛТАЙ ХОЛБООТОЙ АНХААРАХ ЗҮЙЛС:
- 2 долоо хоногт нэг удаа та хүүхдийнхээ ор хөнжлийн даавуу, дэрний уут, унталагын хувцасыг гэртээ угааж, индүүдэж авч ирнэ.
- Ангийн гутал болон хувцас нь хүүхдийн хөдөлгөөнд саад учруулахгүй, харшил өгөхгүй хөвөн даавуун материалтай байвал сайн.
- Охидын өсгийтэй туфль, бие барьсан урт платье зэргийг ангид өмсүүлэхгүй. Хэрэв хүүхэд заавал өсгийтэй гутал, платье өмсч явна гэвэл цэцэрлэгтээ очоод сольж өмсөх хэрэгтэй гэдгийг нь сайн хэлж ойлгуулна уу.
- Та хүүхдийнхээ хумсыг ургасан эсэхийг тогтмол шалгаж байна уу. Хүүхэд тань хумстай байвал бусад хүүхдүүдийг маажиж, самардаж гэмтээх эрсдэлтэй. Хумсны сорви нь том болсон ч арилахгүй үлдэх эрсдэлтэй, эдгэх нь удаан байдаг тул бусад хүүхдийн эрүүл мэнд, гоо сайханд учирч болох эрсдэлийг харгалзан үзэж хүүхдийнхээ хумсыг тогтмол авч хэвшицгээе. Хумстай байвал тухайн өдөр хүлээн авах боломжгүй бөгөөд хүүхдийнхээ хумсыг авч ирэхийг багш сануулах болно.
 
ХҮҮХДИЙН ЦҮНХ:
Хүүхэд бүр цэцэрлэгийн лого бүхий цүнхтэй байна. Та өглөө бүр хүүхдийнхээ цүнхэнд амны алчуур, эцэг, эхтэй харилцах дэвтэр, ангид солих хувцасыг нь хийж өгч явуулна уу. Хүүхэд өглөө бүр цүнхэндээ өөрийн хэрэгтэй зүйлээ хийж авч явж хэвших нь хүүхдийг хариуцлагатай, эмх цэгцтэй байдалд сургах төдийгүй сургуульд бэлдэхэд мөн чухал ач холбогдолтой юм.
 
ДҮРЭМТ ХУВЦАC:

Цэцэрлэгийн захиргаанаас баталсан дүрэмт хувцасыг хэрэглэнэ. Охид цагаан цамц, яагаан өнгийн өмд, хөвгүүд цагаан өнгийн цамц, цэнхэр өнгийн өмд өмсөнө.Дүрэмт хувцсыг цэцэрлэгтэй гэрээт оёдлын газарт захиалгаар хийлгэнэ. Сурагчийн дүрэмт хувцсаа 6-р сарын 1-ээс эхлэн захиалах ба 9 сарын 1-ний нээлтэд дүрэмт хувцастай оролцоно. 

- Цэцэрлэгээс баталсан, өөрсдийн дүрэмт хувцас өмсөнө. 
- Цэцэрлэг дотор гутлаа сольж өмсөнө. Цэцэрлэгийн гутлыг мөн адил нэгэн жилд цэцэрлэгээс баталсан гутал өмсөнө. Ангид өмсөх гутал нь халтирдаггүй, хар зураас гаргадаггүй, зөөлөн ултай ботинк, пүүз байвал тохиромжтой. Охид туфль өмсөхгүй болохыг анхааруулж байна. 
- Охидууд цулгуй, цагаан трико өмсөж болно. 
- Биеийн тамирын хувцсыг хичээл эхэлсэн хойно жигд захиалж авна. 
- Хичээл эхэлсний дараа гадуур хувцасны уутыг жигд захиалж хийлгэнэ

ӨГЛӨӨ ХҮЛЭЭН АВАЛТ БОЛОН ТАРАЛТЫН ТУХАЙ:
- Өглөө хүлээн авах цаг 08.00-09.30
- Оройн таралт 16.30-18.00
Та өглөө хүлээн авах болон орой тарах цагийг сайтар баримтлана уу. Хэрвээ та дээрх цагаас хоцрох бол утсаар заавал мэдэгдэнэ үү. Өглөөний хүлээн авах цагаас хоцорвол тухайн цагийн үйл ажиллагаанаас мөн хоцрохыг анхаарна уу. Хүүхэд өглөө сэрэхгүй байвал та аль болох эрт унтуулж байна уу. Хүүхдийг эрт унтуулж амраах нь хүүхдийн хэвийн өсөлт хөгжилд маш чухал байдаг.
Хүүхдийг зөвхөн эцэг, эх, асран хамгаалагч, эмээ, өвөө мөн насанд хүрсэн ах, эгчид нь хүлээлгэн өгөх бөгөөд хэрэв та найз, нөхөд болон бусад хүмүүсээр хүүхдээ цэцэрлэгээс авхуулах бол багшид урьдчилан мэдэгдэх хэрэгтэй. урьдчилан мэдэгдээгүй болон насанд хүрээгүй ямар ч хүнд хүүхэд хүлээлгэн өгөх боломжгүй.
 
ЦЭЦЭРЛЭГИЙН УДИРДЛАГА, ЭЦЭГ ЭХ, БАГШ, АСРАН ХАМГААЛАГЧТАЙ ГУРВАЛСАН УУЛЗАЛТ, ЭЦЭГ ЭХИЙН ХУРАЛ:
Эцэг эхийн уулзалтыг зохион байгуулахдаа хүүхэд бүрийн эцэг эхтэй ганцаарчлан уулзаж тухайн хүүхдийн өсөлт, хөгжлийн асуудлаар мэдээлэл өгч, зөвлөлдөнө. Хүүхдэд хүргэж буй үйлчилгээний чанарыг сайжруулах, ажлаа дүгнэхэд эцэг эх, асран хамгаалагч та бүхний санал, зөвлөгөө хэрэгтэй байдаг. Мөн бид энэхүү уулзалтаас эцэг эх, асран хамгаалагчаас гарсан санал, зөвлөлмжийг харгалзан багшийн ажлыг дүгнэж, ур чадварыг нь сайжруулахад анхаарч ажилладаг.
 
БАГШИД БЭЛЭГ ӨГӨХ:
Боловсролын тухай хуулиар багш эцэг, эх асран хамгаалагчаас бэлэг, урамшуулал, түүнтэй адилтгах шан, харамж авахыг хориглосон байдаг. Хэрэв Та багшид талархсан сэтгэлээ илэрхийлэхийг хүсвэл урмын сайхан үгээр магтан урамшуулна уу.
 
ЦАГ АВЧ УУЛЗАХ:
Хэрвээ та эцэг эхийн хурал болон эцэг эх, багш, цэцэрлэгийн удирдлагын гурвалсан уулзалтаас бусад үед хүүхдийнхээ болон бусад асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл авч зөвлөлдөхийг хүсвэл урьдчилан цаг авна уу.